Friday, January 9, 2009

Төрөлжин хөгжихүй

Маркс, Энгелсийн зөнч онолыг амьдралд аймшигт гажуудал болгон туршсан Ленин, Сталин нарын бүтээл коммунизмын төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Адам өвөөгийн үүсгэж кэйнс фридман ах нарын баяжуулсан чөлөөт эдийн засаг руу шилжих хүнд хэцүү боловч сонирхол дүүрэн үеийг бид ардаа хийлээ. Одоо шилжилтийн үе дууссан хийх бүтээх үе эхэлсэн...

Монгол улс нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 121 т бичигдэж байна. Ерөнхийдөө олдог орлогоороо сүүл мугшиж байна гэсэн үг.

Манай улс хэд хэдэн онцлогтой эхнийх нь хэт бага хүн ам. 2,6-хан сая хүнтэй зах зээлтэй болохоор эдийн засаг хөгжихгүй байна гэж ярьдаг. Миний бодлоор бол харин ч эсрэгээрээ. 450 орчим мянган хүнтэй люксэнбург улс нэг хүнд ноогдох ДНБ ээрээ дэлхийд тэргүүлж байхад 300 мянган хүнтэй Исланд 4т бичигдэж байна. Мөн 4 сая хүнтэй Норвег 2т 9 сая хүнтэй Швед 8д бичигдэж байх жишээтэй.

Эдгээр нь бүгд export-oriented буюу гол орлогоо экспортоос бүрдүүлдэг улсууд юм. Яагаад гэвэл дотооддоо зах зээл байхгүй юм чинь. Мөн маш цөөн салбарыг сонгон авч түүгээрээ дагнан үйлдвэрлэл явуулдаг. Люксенбург банк, санхүүгийн бүтээгдэхүүнээр дагнадаг бол Финланд электроникийн үйлдвэрлэл, Швед тавилга, модон эдлэлээр, Исланд загасны аж ахуйгаар төрөлждөг.

Энэ бүгдээс хархад хятад, орос гэх мэт хүн ам ихтэй улс бүх юмаа өөсдөө үйлдвэрлэх нь ашигтай бол манайх шиг жижиг улс аль нэг салбарыг сонгон авч түүгээрээ export-oriented улс болж чадвал харин ч илүү байхаар харагдаж байна. Швецарь цагаараа, Япон электрон бараагаараа, Малайз чип үйлдвэрлэлээрээ, Бразил кофегоороо, Итали Хувцасаараа дэлхийд алдартай харин Монгол юугаараа алдартай вэ?

За алдартай болох нь ч одоо дүүрч гол нь Люксенбург шиг цөөхүүлээ мөртлөө их мөнгө олдог улс больё лдоо. Ингэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй. Харин юугаар дагнан төрөлжиж чадах вэ? Үүнд хариулахын тулд хамгийн эхлээд Давид Рикардо гийн онолын дагуу харьцангуй болон үнэмлэхүй давуу талаа олж харах хэрэгтэй.

Түүний давуу талын онолоор альваа улс өөрийн хамгийн сайн бөгөөд бага зардлаар үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүнээ дагнан үйлдвэрлэн бусад оронд экспортолж өндөр зардлаар хийгддэг эсвэл хийж чаддаггүй зүйлүүдээ гаднаас импортолж авах нь нийт бүтээмж буюу ДНБ ийг нэмэгдүүлдэг гэдэг. Хөдөлмөрийн хуваарь дан гагц хувь хүн дээр яригдахгүй улс орнууд дээр ч яригдана гэсэн санаа.

За тэгвэл бид юугаар төрөлжих вэ? Монголын бас нэг онцлог бол landlocked буюу далайд гарцгүй, алслагдмал, түгжигдмэл байдал. Энэ нь физик утгаараа бодит, биет бүтээгдэхүүнийг экспорлоход тээврийн зардал хамгийн их гай болдог нь бидэнд маш том сул тал болж байна. Монголд нэг сандал хийчихээд түүнийгээ америкт нийлүүлэхийн тулд хятадын Дальян боомт хүртэл газраар зөөгөөд дараа нь тэндээсээ усан онгоцонд ачуулна. Ингэсээр байтал Шанхайн боомттой ойрхон орших хятад сандалын үйлдвэрийнхээс бараг 10 дахин үнэтэй болж очно. хэн авхав дээ.

Харин Монгол улс тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд өрсөлдөж чадна. Тоон (Digital) хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн гэдгийг их энгийнээр ойлговол компьютер дээр хийж болох ажлууд гэсэн үг. Санхүүгийн тайлан гаргах, График дизайны ажлууд, Програм зохиох, Утсанд хариулах, Өгөгдөл оруулах гэх мэт маш олон ажлууд байж болж байна.

Өнгөрсөн зууны эхээр дэлхийн нийт баялагийн 80 хувийг цэнхэр захтанууд буюу бие үйлдвэрлэлийн салбарынхан бүтээдэг байсан бол. Одоо үед нийт баялагийн 90 ээс дээш хувь нь оюуны салбарт бүтээгдэж байна. Оюуны үйлдвэрлэлийг ерөнхийд нь зуун хувь тоон хэлбэрт шилжүүлж болно. Тэхээр асар том зах зээл байгаа нь ажиглагдаж байна.

Тоон хэлбэрт шилжүүлж болох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн давуу тал гэвэл маш олон. Жишээлбэл интернэтээр дамжуулдаг учраас тээврийн зардал бараг тэгтэй тэнцүү. Мөн үндсэн хөрөнгө оруулалт нь хүнээ хөгжүүлэх, мэдлэгт суурилсан байдаг тул хүн амын боловсролыг дээшлүүлж, үүний үрээр соёл ухамсар ч сайжирдаг.

Би энд мэдээллийн технологийг яриагүй. Мэдээллийн технологи бол дэд бүтэц буюу замтай адилхан дамжуулах хэрэгсэл юм. Түүн дээгүүр урсах бараа бүтээгдэхүүнийг л ярьж байна. Эдгээр тоон хэлбэрт шилжиж болох бараа, бүтээгдэхүүний аль нэг хэсгийг нь сонгож аваад л түүгээр төрөлжөөд дагнаад явчих асуудалыг л дэвшүүлж байна. Асар ирээдүйтэй, асар боломжтой. . .

Дараагийнхаа бичлэгийг сонгож авсан төрөлжилтөө хэрхэн дэмжин хөгжүүлэх талаар төвлөрөн хөгжихүй сэдвээр бичих болно.

0 comments: